images

Элчин сайд Л.Болд Дэлхийн Эдийн Засгийн Форумын хүрээнд Бельги улсын засгийн газраас “Belgium House” төвд зохион байгуулсан тусгай хөтөлбөрт арга хэмжээнд оролцов.

ЭСЯ-ны мэдээ

2025-01-28

77

Элчин сайд Л.Болд 1 дүгээр сарын 23-ны өдөр 55 дахь удаагийн Дэлхийн Эдийн Засгийн Форумын хүрээнд Бельги улсын засгийн газраас “Belgium House” төвд зохион байгуулсан тусгай хөтөлбөрт арга хэмжээнд оролцов.

Энэ үеэр тэрээр Европын Холбооны Олон улсын түншлэлийн асуудал хариуцсан комиссар Жозеф Сикела болон НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Европын Холбооны Олон улсын түншлэлийн асуудал хариуцсан комиссар Жозеф Сикела Европын “Global Gateway” стратегийн талаар танилцуулав. Тус стратеги нь эрчим хүч, дэд бүтэц, дижитал шилжилт, эрүүл мэнд зэрэг салбарт олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар нийтийн болон хувийн хэвшлийн оролцогчдыг хамтран ажиллахад уриалж, тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлт, Европын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн юм. Стратегийн хүрээнд эрчим хүч, чухал түүхий эд, стратегийн коридоруудын жишээнүүдийг танилцуулж, Европ олон улсын хамтын ажиллагааны шинэ төслүүдэд хэрхэн шилжиж байгааг онцлон хэлэлцэв.

Үүний зэрэгцээ, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте “Энх тайвныг хадгалахын тулд дайн тэсвэрлэх чадвартай эдийн засгийг бий болгох нь” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, дэлхийн зөрчилдөөнд тэсвэртэй, тогтвортой эдийн засгийг бүрдүүлэх стратегиудыг хуваалцлаа.