images

“МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ -2024, ЕВРОПЫН ХОЛБООНД” арга хэмжээ Монгол Улсаас Бельгийн хаант улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Бельги улсын Брюссель хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

ЭСЯ-ны мэдээ

2024-10-07

127

🇲🇳 “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ -2024, ЕВРОПЫН ХОЛБООНД” арга хэмжээ Монгол Улсаас Бельгийн хаант улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Бельги улсын Брюссель хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээний хүрээнд хүрэлцэн ирсэн ЖДҮ төлөөлөгчид Брюссель дэх Элчин сайдын яамнаас зохион байгуулсан бизнес уулзалтад оролцож Бельгийн ноос, нэхмэл, хувцас загвар, бусад салбарын жижиг дунд үйлдвэрлэгчдийн төлөөлөгчидтэй мэдээлэл солилцож, туршлага хуваалцлаа. Бизнес уулзалтыг нээж Элчин Сайд Л.Болд болон Европын Парламентын гишүүн асан н.Иштван Ехели нар хүрэлцэн ирсэн ЖДҮ төлөөлөгчдөд амжилт хүсч үг хэллээ.     

🇲🇳🇪🇺 Арга хэмжээний хүрээнд Монгол Улсын ЖДҮ эрхлэгчид Европын Холбооны ЖДҮ-ийн Холбоо /SME United/-гаар зочилж, Байгууллагын бодлого, хуулийн асуудал хариуцсан захирал х.София Закаритай албан уулзалт хийлээ.

🇲🇳 Уулзалтаар Монголын талаас Монгол Улсын бараа, бүтээгдэхүүнийг Европын зах зээлд таниулах, хөрөнгө оруулагч татах, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн туршлага судлах боломжийн талаар харилцан санал солилцлоо. Цаашид дээрх асуудлын хүрээнд SME UNITED нь Европын орнуудад хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт хийх замаар хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров.

SME UNITED нь Европын 30 гаруй орны 70 орчим гишүүн байгууллагатай Европ дахь гар урлал, ЖДҮ эрхлэгчдийн холбоо юм. Ажил олгогчдын хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага бөгөөд Европ дахь 22,5 сая ЖДҮ- эрхлэгчдийг Европын холбоонд төлөөлдөг. Мөн Европын болон олон улсын түвшинд стандартчиллын үйл явцад ЖДҮ-ийн ашиг сонирхлыг төлөөлж, хамгаалдаг байна. Ингэхдээ, Европын байгууллагууд, бусад оролцогч талууд болон нийгмийн яриа хэлэлцээнд ЖДҮ-ийн сонирхлыг илэрхийлэх, ЖДҮ эрхлэгчдийн сүлжээ, чадавхийг бэхжүүлэх, хамтарсан төслүүдэд төлөөлөх гэсэн үндсэн үүрэгтэй.

Түүнчлэн, Монгол Улсын ЖДҮ эрхлэгчид БЕНЕЛЮКС дэх Монголын Бизнес консулын удирдлагуудтай уулзаж өөрсдийн бараа, бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах, таниулах боломжуудын талаар ярилцаж, санал бодлоо солилцож, цаашид хамтран ажиллахаар тохирлоо.