images

Элчин сайд Л. Болд Европын Комиссын Хөдөө аж ахуй, Хөдөөгийн хөгжлийн ерөнхий газрын албан тушаалтнуудтай уулзав

ЭСЯ-ны мэдээ

2024-06-01

185

Элчин сайд Л. Болд 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Европын Комиссын Хөдөө аж ахуй, Хөдөөгийн хөгжлийн ерөнхий газрын Олон улсын харилцааны асуудал хариуцсан газрын даргын үүрэг гүйцэтгэгч н. Луис Карразо, тус газрын Ази, Австрали хариуцсан хэлтсийн орлогч дарга н.Раймондо Серра,  холбогдох бусад албаны хүмүүстэй уулзаж ярилцлаа.

Элчин Сайд Л.Болд уулзалтаар энэ оны 4 дүгээр сард Брюссельд болсон Монгол Улс - Европын Холбоо хоорондын 3 дахь шатны Газар зүйн заалтын хамгаалалтын гэрээ хэлэлцээрийг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлээд цаашид тус хэлэлцээрийн дагуу хийгдэх шаардлагатай ажлуудад дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ.

Монголд үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, ялангуяа ноолууран бүтээгдэхүүнийг бусад улс орны үйлдвэрлэгчдээс хамгаалах, газар зүйн заалтын хамгаалалттай болох, Монгол Улс, Европын Холбооны хооронд хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг хөгжүүлэхэд тус хэлэлцээрийн ач холбогдол өндөр юм. Монгол Улс Европын Холбоотой газар зүйн заалтыг хамгаалах хурлыг 2022 оны 10 дугаар сард, хоёр дахь үе шатны хурлыг 2023 оны 1 дүгээр сард, гурав дахь үе шатны хэлэлцээрийг Брюссель хотноо 2024 оны 4 дүгээр сард тус тус зохион байгуулаад байгаа юм.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл хүнс” хөтөлбөртэй холбогдуулж Европын холбоонд Монгол Улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эскпортыг нэмэгдүүлэх асуудлаар мөн санал солилцлоо.