images

Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид Брюссель, Амстердам, Гент хотуудад ажиллав

ЭСЯ-ны мэдээ

2024-04-23

204

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны гишүүн Д.Баяндүүрэн, гадаад харилцааны зөвлөх Ч.Баттөмөр нар 4 дүгээр сарын 15-наас 20-ны өдрүүдэд Брюссель, Амстердам, Гент хотуудад томилолтоор ажиллав. Мөн Монгол Улсаас Нидерланд болон Бельгийн Хаант Улсуудад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л.Болд төлөөлөгчдийн хамт ажиллав.

Тухайлбал, 4 дүгээр сарын 17-ны өдөр Нидерландын Хаант улсын Амстердам хотноо байрладаг сонгуулийн техник хангамжийн тэргүүлэгч компанийн нэг болох “Смартматик” компанид зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. Тус компани нь сонгуулийн санал тооллогын дэвшилтэд техник, технологийг ашиглан сонгуульд санал өгөх иргэдийн идэвхтэй оролцоог хангахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг бөгөөд тухайлбал цахим санал хураалтын хамгийн шалгарсан технологийг эзэмшиж байна. 

Төлөөлөгчид 4 дүгээр сарын 18-ны өдөр Бельгийн Хаант Улсын Гент хотноо сонгуулийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардагдах олон төрлийн бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч “Electoral Services International INC” компанийн Европ дахь салбарын захирал Алекс Гисел, нийлүүлэлтийн мэргэжилтэн Барт Гисел нартай уулзаж, тус компанийн үйлдвэртэй танилцав. Мөн энэ үеэр Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр санал өгсөн сонгогчийн хуруунд тэмдэглэгээ хийх үзгэн бэх худалдан авах тухай гэрээнд гарын үсэг зурав. Энэхүү үзэг нь тухайн сонгуульд зориулж үйлдвэрлэгддэг бөгөөд эрүүл ахуйн евростандартанд бүрэн нийцсэн, хэрэглэхэд хялбар,  чанарын өндөр үзүүлэлттэй шинэ бүтээгдэхүүн юм.

Түүнчлэн, 4 дүгээр сарын 19-ний өдөр Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн /International IDEA/-гийн Европын бүсийн захирал Сэм ван дер Стаактай уулзаж, Монгол Улс дахь ардчилсан сонгуулийн шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй ярилцан, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Мөн энэ үеэр тус төлөөлөгчид УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулан Монгол Улсаас Европын улсуудад суугаа Элчин сайдын яамдад зориулж цахим уулзалт зохион байгуулав. Уулзалтын эхэнд СЕХ-ны гишүүн Д.Баяндүүрэн энэ удаагийн сонгуулийн онцлог болон гадаад улсад сонгуулийг зохион байгуулахад анхаарах асуудал сэдвээр дэлгэрэнгүй танилцуулга хийж, Элчин сайд нарын сонирхсон асуултад хариулав.