images

Бельгийн Монголчуудын төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөлийн шинээр сонгогдсон тэргүүнийг хүлээн авч уулзав

ЭСЯ-ны мэдээ

2024-02-29

234

Бельгийн Монголчуудын төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөл 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн гишүүдийнхээ хурлаар Сосорбарамын Оюунтунгалагийг тэргүүнээр, Пүрэвжавын Төмөр-Очирыг дэд тэргүүнээр гурван жилийн хугацаатай сонгосон билээ. Бельгийн Хаант Улсад Суугаа Монгол Улсын ЭСЯ-наас Нэгдсэн зөвлөлийн шинэ тэргүүн С.Оюунтунгалаг болон Санхүүгийн албаны дарга Н.Байгальмаа, Санхүүгийн албаны ажилтан Б.Баярцогт нарын бүрэлдэхүүнтэй төлөөллийг 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ЭСЯ дээр хүлээн авч танилцах уулзалт хийлээ.

Элчин сайд Л.Болд хилийн чанадад ажиллаж амьдарч буй иргэдийнхээ бүхий л санаачилгыг хуулийн хүрээнд дэмжиж ажиллахаа илэрхийлэхийн хамт ТББ-ын төлөөллийг Элчин сайдын яамны дипломат ажилтнуудтай нэг бүрчлэн уулзуулж ажил үүргийн хуваарь, онцлогийн талаар тайлбарлав. Түүнчлэн ЭСЯ-ны байрыг биечлэн танилцуулаад, тус байр Монгол иргэдэд, тэр дундаа иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан төрийн бус байгууллагуудад үргэлж нээлттэй байдаг талаар тайлбарлаж холбогдох соёлын болон бусад арга хэмжээг хамтран зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Нэгдсэн зөвлөлийн тэргүүн С.Оюунтунгалаг өөрийг нь болон гишүүдийг нь хүлээн авч уулзаж байгаад талархаад цаашид тус ЭСЯ-тай ажил хэрэгч, шуурхай хамтран ажиллах талаар сэтгэгдлээ илэрхийллээ. ЭСЯ болон Нэгдсэн зөвлөл цаашид хамтран ажиллах төлөвлөгөөг ойрын хугацаанд боловсруулахын хамт уламжлалт Монгол соёл уламжлалыг суугаа оронд сурталчлан таниулах зорилготой “Бенелюксийн Монголчуудын Наадам 2024” арга хэмжээний бэлтгэл ажилд шамдан орж буйг тэмдэглэв.

Бельгийн Монголчуудын төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөл анх эх үүсвэр нь тавигдсанаасаа хойш 10 дахь жилдээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа, 16 төрийн бус байгууллагыг нэгтгэсэн, монгол иргэдийн сайн дурын үндсэн дээр бий болсон байгууллага юм. Элчин сайд Л.Болд тус байгууллагын тэргүүн С.Оюунтунгалаг болоод төлөөлөлд ажлын амжилт хүсэж, тогтмол холбоо харилцаатай ажиллахаа илэрхийлэв.