images

Элчин Сайд Л. Болд хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцлоо.

ЭСЯ-ны мэдээ

2024-02-02

214

Элчин Сайд Л. Болд Брюссель хотноо 2024 оны 1 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд болсон Европын Холбоо, Төв Азийг холбосон тогтвортой, тээврийн коридорыг хөгжүүлэх зорилго бүхийДэлхийд гарах гарц” (Global Gateway) хөрөнгө оруулалтын анхдугаар чуулга уулзалтад оролцлоо. Энэхүү чуулга уулзалтад Европын Комиссын удирдлагууд, Төв Азийн орнууд болох Казахстан, Киргизстан, Узбекистан, Тажикистан, Туркменистан улсуудын Шадар Сайд, Зам, тээврийн сайд нараар ахлуулсан төр, хувийн хэвшлийн 100 орчим төлөөлөгч оролцлоо.

Энэхүү арга хэмжээний хүрээнд Европ, Төв Ази хоорондын тогтвортой, тээврийн салбарыг хөгжүүлэх, Транс-Каспийн олон улсын тээврийн маршрутыг бий болгох, авто зам, төмөр зам, боомт, логистикийн дэд бүтцийн салбарт хамтран ажиллах, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэхтэй холбоотой Санамж бичгүүдэд талууд гарын үсэг зурлаа. Тухайлбал, Бүгд Найрамдах Казахстан Улс, Европын Хөрөнгө оруулалтын банктай Европ, Казахстаны хооронд тогтвортой зам, тээврийн салбарыг хөгжүүлэхтэй холбоотой (500 сая еврогийн хөрөнгө оруулалт бүхий) Харилцан ойлголцлын Санамж бичиг зурлаа.

Хурлын үеэр Казахстан Улсын Тээврийн сайд н. Марат Карабаев хэлсэн үгэндээ “Өнөөдөр гарын үсэг зурсан баримт бичиг нь Казахстан болон Европын түншүүдийн хамтын ажиллагаанд шинэ түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна. “Дэлхийд гарах гарц” санаачилга нь эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломжуудын багцаас хавьгүй илүү гэдгийг тэмдэглэхийг хүсч байна. Энэхүү санаачилга нь аюулгүй нөхцөл байдалд дэлхийн тээврийн болон нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлэх шинэ боломжийг нээх болно. Дэд бүтцийн төслүүдийн сүлжээг хөгжүүлэх Европын Холбооны энэхүү санаачилгыг бид онцгой ач холбогдол өгч, дэмжиж байна. Манай улс “дундад” коридорын гол холбоос улс бөгөөд зүүн-баруун чиглэлийн маршрутын алтернатив хувилбар болох боломжтойг нэгэнт харуулсан” гэж хэллээ.