images

Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийн 99 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаа сурталчлах арга хэмжээг Брюссель хотноо зохион байгуулав.

ЭСЯ-ны мэдээ

2023-11-28

373

Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийн 99 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаа сурталчлах арга хэмжээг Брюссель хотын Flagey Соёлын төвд 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулав. 

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 99 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан тус арга хэмжээнд Бенилюксийн орнуудын төр, засгийн төлөөлөгчид, Европын холбоо, Европын парламент, Брюссель дэх дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нар болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон бөгөөд арга хэмжээг нээж Элчин сайд Л.Болд үг хэлэв. Мөн Бельгийн Хаант Улсын Гадаад хэргийн сайдын Ажлын албаны дарга, Элчин сайд Жан Хоогмартенс болон Брюссель хотноо байрлах Дипломатик Уорлд олон улсын сэтгүүлийн эрхлэгч Алберто Туркстра нар үг хэлж баяр хүргэсэн болно.   

Арга хэмжээний үеэр төрийн дуулал эгшиглүүлж, монгол ахуйг харуулсан видео бичлэгийг гаргаж, Монголд зочлох жил болон монголын тухай мэдээ, мэдээлэл, ярилцлага агуулсан ном, сэтгүүлийг тараав.

Түүнчлэн, морин хуурын аялгуу, хөөмий зэрэг үндэсний урлагийг сурталчлан таниулж, монгол гэрийн үзүүлэн, залуу уран бүтээлч Б.Содномдаржаа, Б.Ганбаатар, А.Батзориг нарын ур ухаан, сэтгэмж шингэсэн уран бүтээлийн дээжээс дэлгэн үзүүллээ.