images

ЭЛЧИН САЙД Л.БОЛД ЛЮКСЕМБУРГИЙН ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХҮМҮҮНЛЭГИЙН САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСГИЙН САЙД Ф.ФАЁ-ТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2022-10-26

262

ЭЛЧИН САЙД Л.БОЛД ЛЮКСЕМБУРГИЙН ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХҮМҮҮНЛЭГИЙН САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСГИЙН САЙД Ф.ФАЁ-ТАЙ УУЛЗАВ

Элчин сайд Л.Болд Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн сайд бөгөөд Эдийн засгийн сайд Ф.Фаё-тай Люксембург хотноо 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр уулзав.

Уулзалтаар сайд Ф.Фаёгийн Монгол Улсад 2022 оны 7 дугаар сард хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо. Сайд Ф.Фаё манай улсад хийсэн айлчлалынхаа үеэр Люксембургийн Засгийн газраас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олгосон нийт 10,0 сая еврогийн буцалтгүй тусламжийн баримт бичгүүдэд гарын үсэг зурсан болно.

Энэ удаа манай улсад дахин 5,0 сая еврогийн буцалтгүй тусламжийг эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад зориулж олгох болсноо сайд Ф.Фаё илэрхийлж, санхүүжилтийн баримт бичиг батлагдах шатандаа байгааг мэдээлэв.

Мөн дээрх айлчлалын үеэр талуудаас тавьсан саналын дагуу эрүүл мэндийн салбарт Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Люксембургийн Их Гүнт Улс хоорондын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, ложистик, карго үйлчилгээний чиглэлээр хамтрах боломжийг эрэлхийлж ажиллахын чухлыг тэмдэглэв.