images

“Монгол болон Казахстаны Үндсэн хуулийн шинэчлэлийн үйл явц: сургамж ба хэтийн төлөв” сэдэвт семинарыг амжилттай зохион байгуулав.

ЭСЯ-ны мэдээ

2023-05-29

199

Тус ЭСЯ-наас Европын парламент (ЕП)-ын Үндсэн хуулийн асуудал эрхэлсэн хороо, ЕП-ын төлөөлөгчдийн Төв Ази, Монголтой харилцах бүлэг болон БНКазУ-аас Европын Холбооны дэргэд суугаа Төлөөлөгчийн газартай хамтран Брюссель хотноо 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Монгол болон Казахстаны Үндсэн хуулийн шинэчлэлийн үйл явц: сургамж ба хэтийн төлөв” сэдэвт семинарыг амжилттай зохион байгуулав.

Семинарыг ЕП-ын Үндсэн хуулийн хорооны гишүүн, Ардчиллын тусгай хорооны дэд дарга Влодимер Чемошевич, Монгол Улсаас Европын Холбооны дэргэд суугаа Элчин сайд Л.Болд, БНКазУ-аас Европын Холбооны дэргэд суугаа Элчин сайд Маргулан Баймухан, Казахстаны Үндсэн хуулийн цэцийн дарга Элвира Азимова нар үг хэлж нээв.

Семинарын үеэр Элчин сайд Л.Болд, Казахстаны Үндсэн хуулийн цэцийн дарга Элвира Азимова, Казахстаны Парламентын Мажилисын Хууль тогтоомж, шүүх эрх зүйн шинэчлэлийн хорооны дарга Снежанна Имашева нар илтгэл тавьж, үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлаарх байр сууриа илэрхийлсэн. Мөн ЕП-ын Үндсэн хуулийн хорооны дарга Салваторе Де Мео, тус хорооны гишүүн Влодимер Чемошевич, Европын холбооны Хүний эрхийн тусгай төлөөлөгч Имон Гилмор нарын зүгээс Монгол Улсын Үндсэн хуулийн шинэчлэлийн талаар мэдээлэл өгсөнд талархаж, тус үйл явцыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв.

Элчин сайдын зүгээс Үндсэн хуулийн шинэчлэлийн ач холбогдлыг дурдаж, семинарт оролцогчдыг санал, туршлагаа хуваалцаж идэвхтэй оролцохыг уриалахаас гадна Монгол Улсын Үндсэн хуулийн шинэчлэлийн үйл явц, ардчилсан засаглал, үнэт зүйлс болон Үндсэн хуульд оруулах одоогийн нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулав.