images

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БЕЛЬГИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2023-05-15

274

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бельгийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Хаджа Лабибтай энэ 5 дугаар сарын 15-нд Словени Улсын нийслэл Любляна хотноо уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, ардчиллын нийтлэг үнэт зүйлст тулгуурлан идэвхжин хөгжиж буйг тэмдэглэж, цаашид аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааг идэвхжүүлэхэд хамтран ажиллахаа онцлов. Бельги Улсад амьдарч, ажиллаж буй Монгол Улсын иргэдийн жолооны үнэмлэхийг бельгийн жолооны үнэмлэхээр солиулах шийдвэр гаргасанд талархал илэрхийлэв.

Бельги Улсын Гадаад хэргийн сайд Х.Лабиб сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэнд зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлж, яриа хэлэлцээний механизм болох Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг ирэх оны эхний хагаст зохион байгуулахаар төлөвлөснөө нотлов.