images

Элчин сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын Антверпен хотын удирдах албан тушаалтнуудтай уулзав.

ЭСЯ-ны мэдээ

2023-04-07

328

Элчин сайд Л.Болд 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Бельгийн  Хаант Улсын Антверпен хотын удирдах албан тушаалтнуудтай уулзав.

Элчин сайдын зүгээс Бельгид оршин сууж буй Монгол иргэдийн дийлэнх нь тус хотноо ажиллаж, амьдарч байгааг мэдээлж, Монгол иргэд, ТББ-ын зүгээс санаачилж, жил бүр зохион байгуулдаг “Монгол Наадам” үндэсний соёлын арга хэмжээг тус хотод хийхэд нь дэмжлэг үзүүлж ирсэн хотын захирагч болон холбогдох албанд талархал илэрхийлж, цаашид худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын үйл ажиллагааг өргөжүүлэх боломж байгааг дурдав.

Түүнчлэн, тус хотын захирагчийг энэ жилийн “Монгол Наадам” үндэсний соёлын арга хэмжээнд зочноор оролцохыг урьж, энэ хүрээнд талууд холбогдох бэлтгэлийг хангаж ажиллахаар тохиров. Мөн 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан европын 32 улсын иргэдийг 30 хоногийн хугацаанд Монголд зорчиход визийн шаардлагаас чөлөөлсөн тухай Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг танилцуулж,  монголд зочлохыг урив.

Хотын удирдлагын зүгээс худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах боломжтойг илэрхийлж, монголчуудын санал санаачилгыг дэмжиж, тус хотын захирагчийг “Монгол Наадам” соёлын арга хэмжээнд оролцуулах чиглэлээр ажиллахаа илэрхийлэв.

Энэ өдөр Элчин сайд Бельгийн  монголчуудын холбооны төлөөлөлтэй уулзаж, соёлын арга хэмжээ хамтран зохион байгуулах, улмаар Антверпен хотноо Монголын соёлын төв байгуулах асуудлаар санал солилцож, монголчуудын санал санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.