images

Элчин сайд Л.Болд Европын Комиссын Олон улсын түншлэлийн ерөнхий газрын дарга н. Питерс Устубс, тус газрын Зүүн Ази, Номхон далайн орнуудыг хариусан хэлтсийн дарга н. Жон-Луи Вилле болон албаны бусад хүмүүстэй уулзлаа.

ЭСЯ-ны мэдээ

2023-02-02

251

2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Элчин сайд Л.Болд Европын Комиссын Олон улсын түншлэлийн ерөнхий газрын Дундад Ази, Ази Номхон далайн орнуудыг хариуцсан газрын дарга н. Питерс Устубс, тус ерөнхий газрын Зүүн Ази, Номхон далайн орнуудыг хариусан хэлтсийн дарга н. Жон-Луи Вилле болон албаны бусад хүмүүстэй уулзлаа.

Тус уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт, нөлөөллийг бууруулахад Монгол Улс ойжуулалт, тэр дундаа Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар бүрэн дэмжиж байгааг илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Европын Комиссын Ерөнхийлөгч х.Урсула вон дер Лайен нарын 2022 оны 11 дүгээр сард зурсан Ойн түншлэлийн Санамж бичгийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ойн түншлэлийн нэг зорилт нь ажлын байр бий болгох асуудал бөгөөд тус салбарт зохих хөрөнгө оруулалт хийж, нэмүү өртгийн сүлжээг бий болгосноор 80000 орчим ажлын байр шинээр бий болгох боломжтой байгааг хоёр тал онцолсон. Элчин сайдын яамны зүгээс тус түншлэлийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүхий л чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаагаа илэрхийллээ. 

Ойн түншлэлийн Санамж бичгийн хүрээнд цаашид хийгдэх ажлуудыг ярилцаж ялангуяа, Санамж бичгийн 4 дүгээр зүйлд заасны дагуу оролцогч талуудын гол хийгдэх ажлуудыг тусгасан Замын зураг (Roadmap) боловсруулах хамтарсан Ажлын хэсгүүдийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцов.

Түүнчлэн, Европын Комиссоос 2021-2027 онд хэрэгжүүлэх дэлхийн дэд бүтэц, дижитал болон цаг уурын төслүүдэд хөрөнгө оруулалт хийх стратеги буюу “Дэлхийд гарах гарц” санаачилгын талаар мэдээлэл солилцлоо. Энэхүү санаачилгын хүрээнд дижиталчлал, эрүүл мэнд, уур амьсгал, эрчим хүч, тээврийн салбар, тэр дундаа боловсрол, судалгааны салбар зэрэгт шууд хөрөнгө оруулалт хийхэд Европын Холбоо түлхүү анхаарлаа хандуулах юм.  Европын Холбооны “Дэлхийд гарах гарц хөтөлбөр”-ийн хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх, түүнийг Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулах замаар цаашид хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх талаар ярилцлаа.