ИТГЭМЖЛЭЛ

2022-10-20


Тус ЭСЯ-ны Консулын хэсэгт Монгол Улсын Иргэний хууль, Нотариатын тухай хуульд заасны дагуу Бельгийн Хаант Улс, Нидерландын Хаант Улс, Люксембургийн Их Гүнт Улсад оршин суугаа Монгол Улсын иргэдэд нотариатын үйлчилгээ үзүүлэх боломжтой.

ЭСЯ нотариатын үйлчилгээг шуудангаар, цахимаар эсхүл гуравдагч иргэнээр дамжуулан үзүүлэх боломжгүйг иргэд анхааралдаа авна уу.

Нотариатын тухай хуулийн 26, 44 дүгээр зүйлд заасны дагуу итгэмжлэл баталгаажуулах тохиолдолд иргэн Та урьдчилан ЭСЯ-ны Консулын хэсгийн ЦАГ АВАХ цэс руу орж цаг авах шаардлагатай.

Монгол Улсын хилийн чанадад суух Дипломат төлөөлөгчийн газрууд 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс “E-notary цахим нотариатын системийг ашиглаж эхлэлээ.

Энэ системийг ашиглан иргэн Та өөрийн хүчин төгөлдөр гадаад паспорт (итгэмжлэлийн төрлөөс шалтгаалан бүрдүүлэх бусад баримт бичиг), Монгол Улсад таныг төлөөлөх иргэний хүчин төгөлдөр иргэний үнэмлэхний ар, өвөр талын хуулбарыг авчирснаар итгэмжлэлээ консулын хэсэгт бичүүлэн, хянаж улмаар гэрчлүүлэн Монгол Улс руу илгээх боломжтой боллоо.

Гэрчлүүлсэн итгэмжлэл цахим санд орж буй тул Монгол Улс дахь таныг төлөөлж буй иргэн өөрт ойр байрлах дурын нотариатын газарт бичиг баримтын хамт очиж, итгэмжлэл дээр тусгасан QR код, үсгэн кодыг үзүүлэн нэг хуудсыг нь 1000 төгрөгийн төлбөр төлж (тухайн нотариатын бичиг хэргийн зардал) хэвлүүлэн авах боломж бүрдэж байна.

Жич: Цахим нотариатын үйл ажиллагаатай холбогдуулан тус ЭСЯ-нд 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэж гэрчилсэн итгэмжлэлийг ГХЯ-ны Консулын газраас, харин 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш гэрчилсэн итгэмжлэлийг нотариатчаас хүлээн авахыг мэдээлье.

Итгэмжлэл гэрчлүүлэхэд тавигдах шаардлага, бүрдүүлэх материал:

1.Нотариатын үйлчилгээ үзүүлэхийн тулд хуулийн дагуу үйлчлүүлэгч таны хувийн байдлыг тогтоох шаардлагатай. Ийнхүү тогтооход Таны үндэсний энгийн гадаад паспорт эсхүл иргэний цахим үнэмлэх хамгийн чухал баримт бичиг тул эдгээр баримт бичгийг эх хувиар нь авч ирэх шаардлагатайг анхаарна уу.

2. Иргэн таны хүүхэд 18 нас хүрсэн бол өөрийн нэрийн өмнөөс итгэмжлэл үйлдэнэ. Өөрөөр хэлбэл эцэг, эхийн зүгээс 18 нас хүрсэн хүүхдийнхээ өмнөөс итгэмжлэл үйлдэх боломжгүйг анхаарна уу.

3. Хүүхэд буюу 18 нас хүрээгүй иргэний нэрийн өмнөөс эцэг, эх нь төлөөлж итгэмжлэл үйлдэж болно. Энэ тохиолдолд тухайн хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг болон эхийн үндэсний энгийн гадаад паспорт эсхүл иргэний цахим үнэмлэх, эцэг эх нь хамтарч итгэмжлэл гаргаагүй тохиолдолд тухайн итгэмжлэлийг олгохыг хүлээн зөвшөөрсөн тухай эцэг эсхүл эхийн бичгээр гаргасан хүсэлт шаардлагатай.

4. Итгэмжлэл үйлдэгч иргэн өөрийг нь Монгол Улсад төлөөлөх хүний иргэний үнэмлэхийн хуулбарыг авчирна. Таны итгэмжлэлд уг иргэний овог, эцэг, эхийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, утасны дугаар бичигдэх тул Та төлөөлөгчийнхөө иргэний үнэмлэхний хуулбарыг авч ирэхийн зэрэгцээ холбогдох утасны дугаарыг нь мэддэг байх шаардлагатай.

5. Итгэмжлэлийн агуулгаас шалтгаалж зарим материалууд нэмэлтээр шаардагдана. Тухайлбал: үл хөдлөх хөрөнгө худалдах, түрээслэх, барьцаалах зэрэг эрх олгох тухай итгэмжлэл гэрчлүүлэх бол тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, өв залгамжлал хүлээн авахаас татгалзах, эсхүл хүлээн авах хүсэлтээ гэрчлүүлэх тохиолдолд нас барсны гэрчилгээ, хүлээн авах, татгалзах эд хөрөнгийн талаарх мэдээлэл, гэрчилгээ, банк дахь дансны дугаар, үлдэгдлийн талаарх банкны тодорхойлолт зэрэг.

6.Үйлчилгээний хураамж 10 еврог ЭСЯ-ны дансанд шилжүүлж, шилжүүлсэн тухай баримтын хуулбарыг авч ирнэ. Консулын хэсэгт бэлнээр төлөх боломжгүйг анхаарна уу. ЭСЯ-ны данс: ING Bank (IBAN): BE55 3101 0394 1044,  Embassy of Mongolia, Гүйлгээний утга: Овог, нэр, хийлгэж буй үйлчилгээг бичих

Анхаарах зүйл:

Итгэмжлэл үйлдэнэ гэдэг нь Төлөөлүүлэгч буюу иргэн Та өөрийгөө төлөөлж буй иргэнд өөрийн нэрийн өмнөөс тодорхой үйлдэл хийх эрхийг олгож байгаа үйлдэл юм. Тэрхүү үйлдлийн хууль зүйн үр дагаврыг итгэмжлэл үйлдэж буй иргэн та өөрөө хариуцна. Иймд итгэмжлэлээр олгох үйлдлийнхээ цар хүрээгээ сайтар тунгааж, олгох эрхийн тухай үг үсгийг сайтар хянаж тусгах нь зүйтэй.

Итгэмжлэлийг гурван жил хүртэлх хугацаагаар олгох боломжтой байна. Иймд иргэн та итгэмжилж буй хүндээ олгох эрхийнхээ хугацааг урьдчилан тооцож байна уу.

Таны итгэмжлэлээр олгосон үйлдлийг төлөөлөгч биечлэн гүйцэтгэх үүрэгтэй. Гэхдээ та итгэмжлэлдээ зөвшөөрвөл төлөөлөгч тань бусдад таны олгосон эрхийг мөн итгэмжлэлээр шилжүүлэх эрхтэй байж болно. Иймд та энэ эрхийг төлөөлөгчдөө олгох эсэхээ тодорхойлсон байх нь зүйтэй.