Монгол Улс - Европын Холбооны харилцаа
2022-10-20
Дипломат харилцаа тогтоосон өдөр: 1989 оны 8 дугаар сарын 1
Харилцан хийсэн айлчлалууд:
- 1992 онд Монгол улсын Ерөнхий сайд Д.Бямбасүрэн Европын Холбоонд,
- 1992 ЕЭЗХН-ийн Комиссын орлогч дарга Франс Андриессен Монгол Улсад айлчилав.
- 1993 онд УИХ-ын дарга Н.Багабанди Европарламентад,
- 1995 онд Монгол улсын Ерөнхийлөгч П.Очирбат Европын Холбоонд,
- 1996 оны 9 дүгээр сард Европын Холбооны Комиссар Ван ден Бруук Монгол Улсад,
- 1996 онд УИХ-ын дарга Р. Гончигдорж Европын Парламентад,
- 2000 оны 2 дугаар сард Гадаад харилцааны сайд Н. Туяа Европын Холбоонд,
- 2001 оны 1 дүгээр сард Ерөнхий сайд Н.Энхбаяр Европын Холбоонд ,
- 2002 оны 10 дугаар сард УИХ-ын дарга С.Төмөр-Очир Европын Парламентад,
- 2003 оны 9 дүгээр сард Европын Комиссын Комиссар Пол Нильсон Монгол Улсад,
- 2005 онд Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Бельгийн Вант Улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд 2005 оны 6 дугаар сарын 10-нд Европын Комиссын Боловсрол, сургалт, соёл, олон хэлтний асуудал эрхэлсэн Комиссар ноён Ян Фигельтэй уулзалт яриа хийсэн.
- 2006 онд Европын Холбооны Тройка Монгол Улсад,
- 2008 онд Европын Холбооны Тройка Монгол Улсад,
- 2009 оны 3 дугаар сард Ерөнхий сайд С.Баяр Европын Холбоонд,
- 2009 онд Европын Холбооны Тройка Монгол Улсад,
- 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Парламентад,
- 2011 онд Ерөнхий прокурор Д.Дорлигжав тэргүүтэй төөлөлөгчид Евроконтрол байгууллагад,
- 2013 оны 4 дүгээр сард Европын Комиссын Дэд ерөнхийлөгч бөгөөд Европын Холбооны Гадаад бодлого, Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Катерин Аштон Монгол Улсад,
- 2013 оны 7 дугаар сард Европын Холбооны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн комиссар Дациан Чолош Монгол Улсад,
- 2013 оны 11 дүгээр сард Европын Комиссын Ерөнхийлөгч Ж. М. Баррозо Монгол Улсад,
- 2015 оны 6 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын парламентад айлчилж парламентын нэгдсэн чуулганд үг хэлсэн.
Эрх зүйн үндэс:
- 1993 онд “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”,
- 1995 онд “Сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн худалдаалах тухай хэлэлцээр”,
- 1997 онд “Европын хөрөнгө оруулалтын банктай хамтран ажиллах Ерөнхий хэлэлцээр”,
- 2000 онд “Европын сэргээн босголт, хөгжлийн банкны гишүүнээр элссэн”,
- 2009 онд “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”,
- 2013 онд “Монгол Улсын Стандартчилалын тогтолцоог сайжруулах төслийн санхүүжилтийн гэрээ”
- 2013 онд “Түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-т гарын үсэг зураад байна.
Элчин сайдын яам:
Монгол Улс 1992 оноос Европын Холбооны дэргэд ЭСЯ-аа нээн ажиллуулж байна. Монгол Улсаас Европын Холбоонд суугаа Элчин сайдаар:
- 1992-1998 онд Жагваралын Ганибал1998-2001 онд Шүхэртийн Алтангэрэл
- 2001-2008 онд Содовын Онон
- 2008-2012 онд Авирмидийн Баттөр
- 2013-2016 онд Хишигдэлгэрийн Даваадорж
- 2017-2021 Одын Оч
- 2021 оноос Лувсанвандангийн Болд томилогдон ажиллаж байна.
Европын Холбооны Төлөөлөгчийн газар манай улсыг Бээжингээс хавсран ажилладаг. Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайдаар ноён Клаус Эберманн 2001-2004 онд, ноён Серж Абу 2004-2011 онд, 2011-2014 онд ноён Маркус Эдерер, 2014 оны 9 дүгээр сараас ноён Ханс Диетмар Швайсгут ажиллаж байна. Европын Холбооны Техникийн товчоо Улаанбаатар хотноо 2006 онд нээгдсэн.
Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны эхлэл 1993 онд Худалдаа, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулагдснаар анх тавигдсан бөгөөд тэр цаг үеэс хойш хоёр талын хамтын ажиллагааны тусламжийн хэмжээ 98,6 сая еврод хүрсэн байна.
Монгол Улсаас Европын Холбоотой хоёр талын худалдаа, эдийн засаг, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, стандартчилал зэрэг олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, ЕХ-ны Улаанбаатар дахь Техникийн товчоог Төлөөлөгчийн газар болгон өргөжүүлэх, Европын Холбоон дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг чиглэлийг баримтлан ажиллаж байна.
Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан хороо
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хороо байгуулагдаж, анхны хуралдаанаа 1993 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо хийсэн. Хамтарсан хорооны дэргэд Монгол, Европын Холбооны худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хороо байгуулагдаж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын талаар санал солилцсоор ирсэн.
Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан хорооны 17 дугаар хуралдаан 2017 оны 3 дугаар сард Улаанбаатар хотноо болсон.
УИХ-Европын парламент хоорондын харилцаа
Европын парламенттай харилцах чиглэлээр сүүлийн жилүүдэд нэлээд ахиц гараад байна.
УИХ дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлэг, Европын парламентад Төв Ази, Монголтой харилцах бүлгүүд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд парламент хоорондын ээлжит уулзалт 2015 оны 2 дугаар сард Улаанбаатар хотноо болсон.
Хоёр талын худалдаа: 2016 оны эцсийн байдлаар Монгол Улсаас Европын Холбоотой хийсэн худалдааны нийт эргэлт 1.02 тэрбум орчим ам.долларт хүрснээс экспорт 646,3 сая ам.доллар, импорт 373,3 сая ам.доллар байв. Монгол Улсаас Европын Холбоонд экспортлож буй гол нэрийн бараанд өлөн гэдэс, ноос ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүн, үслэг эдлэл, арьс, ширэн бүтээгдэхүүн, алт үнэт металл, монгол гэр эзэлж байгаа бол Европын Холбооноос машин, тоног төхөөрөмж, эм, эмнэлэгийн бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн, архи, дарс, хүсний бүтээгдэхүүн голчлон импортлож байна.
Хөрөнгө оруулалт : 1990 оноос хойш 2015 оныг дуустал Монгол Улсад Европын Холбооны гишүүн орнуудаас нийт 835 компани бүртгэгдсэн ба 2013 оны байдлаар 5.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүртгэгдээд байна.
Хөрөнгө оруулалтыг салбараар авч үзвэл нийт хөрөнгө оруулалтын 83.8 хувийг уул уурхайн салбарт, 8.7 хувийг худалдаа, нийтийн хоолны салбарт, 2.1 хувийг банк санхүүгийн салбарт, орноор авч үзвэл нийт хөрөнгө оруулалтын үнийн дүнгийн 73.8 хувийг Нидерланд, 20 хувийг Люксембург, 2 хувийг Их Британи, 1 хувийг Герман улс тус тус эзэлж байна.
Хөгжлийнхамтын ажиллагаа
Европын Холбоо нь Монгол Улстай 1993 оноос хөгжлийн хамтын ажиллагаа эхлүүлэн өнөөг хүртэл амжилттай явуулж ирлээ. Европын Холбооноос үзүүлж буй тусламжуудыг товч дурдвал:
1993-2005 “Европын Комиссын хүмүүнлэгийн ЭКО алба”-ны хүмүүнлэнгийн тусламжийн хүрээнд – 9,6 сая евро
1994-2004 ТАСИС хөтөлбөрийн хүрээнд – 48,5 сая евро
2004-2006 АЛА хөтөлбөрийн хүрээнд – 11,5 сая евро
2007-2010 Олон жилийн баримжаалсан хөтөлбөрийн хүрээнд 14 сая евро
2011-2013 Олон жилийн баримжаалсан хөтөлбөрийн хүрээнд 15 сая евро
2014-2020 Олон жилийн баримжаалсан хөтөлбөрийн хүрээнд 65 сая еврогийн хөгжлийн тусламж үзүүлэх шийдвэрийг баталгаажуулсан Санамж бичигт талууд 2015 оны 6 дугаар сард гарын үсэг зурсан.