МОНГОЛ УЛС, НИДЕРЛАНДЫН ХААНТ УЛСЫН ХАРИЛЦАА

Монгол Улс Нидерландын Хаант Улстай 1972 оны 3 дугаар сарын 6-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Монгол, Нидерландын харилцаа, хамтын ажиллагаа 1990 оноос эхлэн идэвхжсэн. Нидерландын Хаант Улс нь Монгол Улсад өрнөсөн ардчиллын үйл явцыг анхнаас нь дэмжиж, тусламж дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд манай улсын гуравдагч хөршүүдийн нэг юм.

Монгол, Нидерландын улс төрийн харилцаа идэвхтэй өрнөж, өндөр, дээд түвшний харилцан айлчлал солилцож ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 1999 онд, Ерөнхий сайд П.Жасрай 1995 онд, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж 2005 онд Нидерланд улсад, Нидерландын угсаа залгамжлах Ханхүү /эдүгээ Хаанд өргөмжлөгдсөн/ Виллем Александр 2006 онд, Ерөнхий сайд Марк Рутт 2016 онд, Шадар сайд бөгөөд Сангийн сайд Г.Залм 1998, 2002 онд Монгол Улсад тус тус айлчилсан.

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Нидерландын Хаант Улсын Гадаад хэргийн яам хоорондын зөвлөлдөх уулзалтыг 2008 онд Гааг хотноо, 2016 онд Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулсан.

Монгол Улс, Нидерландын Хаант Улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, сайн засаглал, олон улсын эрх зүйн чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж ирсэн.

Монгол Улс Нидерландын Хаант Улстай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж ирсэн. Хоёр орны хооронд 2018 онд 23,82 сая ам.долларын худалдаа хийгдсэн бөгөөд Монгол Улс  гянт болдын хүдэр, баяжмал, гэрийн угсармал хийц, ноосон болон ноолууран сүлжмэл эдлэл зэрэг 1,33 сая ам.долларын барааг Нидерланд руу экспортолсон бол эм, эмийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, шингэн зүйлсийн насос зэрэг 22,49 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн Нидерландаас импортолсон байна. Түүнчлэн Нидерландын Хаант Улсаас Монгол Улсад 2018 онд 9,7 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт орсон байна.

Нидерландын Хаант Улс нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хэмжээгээрээ дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт ордог арвин туршлага, техник, технологитой орон учир хөдөө аж ахуйн салбарт хоёр орны хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө ажиллаж байна. 2018 оны 10 дугаар сард Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засаг, үйлдвэрлэлийн бодлогын зөвлөх тэргүүтэй төлөөлөгчид Нидерландын Хаант Улсад ажлын айлчлал хийсэн.

Хоёр орны хүмүүнлэгийн салбарын хамтын идэвхтэй хөгжиж ирсэн. 1990-ээд оны эхээр Нидерландын Хаант Улс зэрлэг тахийг Монгол Улсад нутагшуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн нь чухал ач холбогдолтой болсон төдийгүй хоёр орны хамтын ажиллагааны бэлэгдэл болж байна.

Гааг хотноо байрладаг Нидерландын Олон улсын харилцааны Кингендаль хүрээлэн 1994 оноос эхлэн эдүгээ хүртэл Монгол Улсын дипломат албаны залуу мэргэжилтнүүдийг сургах, давтан сургах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь чухал ач холбогдолтой байсаар байна.

Монгол Улсын түүх, соёлыг нидерландчуудад танилцуулах үүрэг бүхий Монгол Улсын Соёлын элчээр С.Алтанчимэг, М.Даваа нар Нидерландад ажиллаж байна.

Монгол, Нидерландын хооронд иргэд харилцан зорчих нь нэмэгдсээр байна. 2018 онд Нидерландын 3801 иргэн Монгол Улсад, Монгол Улсын 242 иргэн Нидерландад тус тус зорчсон байна. Монгол Улсын 735 иргэн Нидерландын Хаант Улсад аж төрж байна. Монгол Улсын иргэдийн үүсгэл санаачилгын байгууллага, холбоод, монгол сургууль Нидерландын хотуудад үйл ажиллагаа явуулж байна. Нидерландын иргэн Эрик-Ян Виллем Петер Амстердам хотноо Монгол Улсын Өргөмжит консулаар ажиллаж байна.

Монгол Улс, Нидерландын Хаант Улсын хооронд “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг 1995 онд, “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-ийг 1995 онд, “Мал эмнэлгийн талаар хамтран ажиллах тухай санамж бичиг”-ийг 1999 онд, “Цаг уурын төслийн санамж бичиг”-ийг 1999 онд, “Чөлөөт зах зээлийг үүсгэн хөгжүүлж буй орнуудтай хамтран ажиллах хөтөлбөрийн тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг 2005 онд. “Хууль бус цагаачлалын эсрэг хамтран тэмцэх тухай санамж бичиг”-ийг 2005 онд байгуулсан нь хоёр орны харилцааны эрх зүйн үндэс болж байна.