Бельгийн Хаант Улсад зорчих иргэдэд хүргэх зөвлөмж

Монгол Улсын Засгийн газар, суугаа болон хавсран суугаа улсуудын эрх бүхий байгууллагуудаас коронавируст халдвар (COVID-19)-тай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор гаргаж буй шийдвэрүүдийг хүндэтгэн, сахин биелүүлэх үүднээс тус ЭСЯ-наас иргэдэд үзүүлэх консулын үйлчилгээг 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл зөвхөн шуудангаар болон цахим хэлбэрээр хэрэгжүүлэх болсныг үүгээр мэдэгдэж байна.

Бенилюкс (Бельги, Нидерланд, Люксембург)-ийн улсуудад түр болон удаан хугацаагаар оршин суугаа иргэн Та суугаа орны эрүүл мэндийн байгууллагаас өгч буй халдвараас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжүүдийг нягт сахиж, өөрийгөө болон өрөөлийг эрсдлээс хамгаална уу.

СЯ-ны цахим хуудас brussels.embassy.mn, фэйсбүк хуудас facebook.com/embmongolie, твиттер хаяг https://twitter.com/MngEmbBrussels тавигдаж буй мэдээ, мэдээлэлтэй тухай бүр танилцаж, консулын үйлчилгээтэй холбоотой болон бусад асуудлаар brussels@mfa.gov.mn, brussels@embmongolie.be цахим хаягаар хандана уу.

Шаардлагатай тохиолдолд консулын ажилтантай +32 (0)2 344 6974 утсаар, автомат хариулагчийн зааврын дагуу шаардлагатай товчлуурыг дарж холбогдохыг хүсье.


Коронавируст халдварын үед авах арга хэмжээний зөвлөмж

1. Монгол Улсын Онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 20-ний өдрийн хуралдааны шийдвэрээр Монгол Улсаас БНХАУ, БНСУ, ОХУ, БНКазУ, БНТУ, ХБНГУ чиглэлийн бүх нислэгийг 3 дугаар сарын 30-ний өдөр хүртэл зогсоосон байсныг дахин 4 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэсэн байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр Улаанбаатар-Ухань-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэж 31 иргэн, 3 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр 244 иргэн, 3 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар-Токио-Улаанбатар тусгай нислэгээр 256 иргэн, Улаанбаатар-Берлин-Москва-Улаабаатар тусгай нислэгээр 231 иргэн, 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар тусгай нислэгээр 252 иргэнээ авч ирсэн байна.

Ирэх 14 хоногийн хугацаанд ямарваа нэг тусгай нислэг үйлдэхгүй, гадаад улсаас авчирсан иргэдийн эрүүл мэндийн байдлыг харгалзан тусгаарлаж, хяналтанд байлгахаар тогтжээ. Энэ 14 хоногийн дараа дахин тусгай үүргийн нислэг үйлдэх эсэх талаар Монгол Улсын Онцгой комисс хуралдаж шийдвэр гаргана.

ЭСЯ-наас Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрийг тухай бүр Бенилюкс (Бельги, Нидерланд, Люксембург)-ийн орнуудад байгаа иргэд Та бүхэнд хүргэх болно.

2. Бенилюксийн улсуудад байх визийн хугацаа нь дуусгавар болж, дээрх шийдвэрийн улмаас эх орондоо буцах боломжгүй болсон иргэд суугаа орныхоо цагаачлалын албанд өөрсдөө хандаж визээ сунгуулах хүсэлтээ гаргах боломжтой.

А). Бельги Улс: Иргэн Та эхний ээлжинд өөрийн оршин сууж буй дүүрэг (l’adminisration communale)-т хандаж, үүссэн нөхцөл байдлыг тайлбарлаж, визийн хугацаагаа дуусахаас өмнө сунгуулах хүсэлт гаргах учиртай.

Тухайн дүүргээс Таны холбогдох бичиг баримттай танилцаж, “онцгой нөхцөл байдал” (force majeure)-ыг харгалзан тус улсын цагаачлалын албанд хандах болно.

Б). Нидерланд Улс: Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалттай холбоотойгоор улс орнуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд хилийн хязгаарлалтанд орсон, нислэг цуцлагдсаны улмаас эх орондоо буцах эсвэл төлөвлөгөөт аялалаа үргэжлүүлэх боломжгүй болсон гадаад улсын иргэд ердийн журмаар тус улсын Цагаачлалын албанд хандаж, визээ сунгуулахыг Нидерландын Хаант Улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэв. Иргэн Та доорх цахим хуудсаар орж нэмэлт мэдээлэлтэй танилцана уу www.rivm.nl, www.ciovernment.nl

В). Люксембург: Тус улсад Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалттай холбоотойгоор хилийн хязгаарлалтанд орсон, нислэг цуцлагдсаны улмаас эх орондоо буцах эсвэл төлөвлөгөөт аялалаа үргэжлүүлэх боломжгүй болсон иргэд онцгой журмаар immigration.public@mae.etat.lu Цагаачлалын албанд хүсэлтээ гаргаж, визээ сунгуулна уу. Passport, visa and legalisation office

6, rue de l'Ancien Athénée, L-1144 Luxembourg,Tel.: (+352) 247-88300 from Monday to Friday8:30-16:00 https://bit.ly/2Qvz4Jw

Таны виз сунгуулах хүсэлтийг харгалзан ЭСЯ-наас Монгол Улсын Онцгой комиссын шийдвэртэй холбоотой албан бичгийг гаргаж өгнө.

3. Бенилюксийн улсуудад оршин сууж буй иргэн Танд тус халдварт өвчний шинж тэмдэг болох халуурах, хий ханиалгах, дотор муухайрах гэх зэрэг шинж тэмдэг илэрвэл, өөрийн амьдарч буй дүүрэг, хорооны эмнэлэгтэй яаралтай холбоо барина уу. Бенелюксийн улсуудын эрх бүхий байгууллагуудаас өвчний шинж тэмдэг илэрсэн гэж үзвэл эмнэлэгт очихоосоо өмнө утсаар холбоо барихыг зөвлөж байгаа болно. Шаардлагатай тохиолдолд доорх шуурхай утас, цахим хуудсанд холбогдож мэдээлэл авахыг зөвлөж байна.

А. Бельги Улс: https://www.info-coronavirus.be/en/ цахим хаяг, 0800 14 689 дугаарын шуурхай утас.

Б. Нидерланд Улс: https://www.rivm.nl/en/contact цахим хаяг, 0800-1351 дугаарын шуурхай утас.

В. Люксембург Улс: 8002 8080 шуурхай утас.

4. Монгол Улсын Онцгой комисс 14 хоногийн дараа хуралдаж тусгай үүргийн онгоц дахин явуулах эсэхийг шийдвэрлэнэ. Иргэн Та тусгай үүргийн нислэгт хамрагдах хүсэлтээ тус ЭСЯ-ны brussels@mfa.gov.mn, brussels@embmongolie.be мэйл хаягаар ирүүлнэ үү.

Бүрдүүлэх шаардлагатай бичиг баримт:

1. Монгол Улсын гадаад паспортын хуулбар,
2. Паспорт дээрх визийн хуулбар,
3. Шенгений хилээр орсон тамга (штамп)
4. Нислэгийн тийзний хуулбар (ирсэн болон, явах)
5. Холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг

МИАТ компани эхний ээлжинд билеттэй иргэдэд хандан нислэгийн мэдээллийг явуулах бөгөөд, шинээр билет худалдан авч явах иргэдийг бүртгүүлсэн дарааллаар явуулж байгааг анхаарна уу.

Мөн түүнчлэн, иргэн та билетийн төлбөр, Монгол Улсад очоод 14-21 хоног тусгаарлагдах байрын төлбөрийг хувиасаа гаргана гэдгийг анхаарна уу.

Монгол Улсын Онцгой комиссоос Европын чиглэлд тусгай үүргийн нислэг явуулахаар шийдвэрлэсний дараа ЭСЯ-наас Та бүхэнд мэдээллийг хүргэх болно.