Монгол Улс, Химийн зэвсгийг хориглох байгууллага хоорондын харилцааны тухай танилцуулга

Монгол Улс Химийн зэвсгийг хориглох конвенцид (Конвенци) 1993 оны 1 дүгээр сарын 14-нд гарын үсэг зурж, 1995 оны 1 дүгээр сарын 13-нд соёрхон батласан. 1997 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэсэн.

Химийн зэвсгийг хориглох байгууллага (ХЗХБ)-д Монгол Улс 1995 онд нэгдэн орсон.

Конвенцийн 7 дугаар зүйлээр хүлээсэн үүргийн дагуу Конвенци хэрэгжүүлэх Үндэсний албыг «Химийн хорт бодисыг ашиглах үйл ажиллагааг зохицуулах (орон тооны бус) зөвлөл» нэртэйгээр байгуулж, тус Зөвлөлийг Байгаль орчны сайд 2001 он хүртэл удирдаж байв. БОЯ, БХЯ хооронд тохирсоны дагуу Батлан хамгаалахын сайдын тушаалаар Конвенцийн хэрэгжилт, ХЗХБ-тай харилцах асуудлыг Зэвсэгт хүчний Жанжин штабын Химийн цэргийн хэлтэст 2001 оны 1 дүгээр сараас эхлэн шилжүүлжээ. Конвенцийн 7 дугаар зүйлээр мөн хүлээсэн үүргийн дагуу Монгол Улс “Химийн хорт бодис болон аюултай бодисийн тухай хууль”-ийг 2006 оны 5 дугаар сарын 25-нд батласан.

Монгол Улс ХЗХК-ийн Оролцогч талуудын Бага хурлын чуулганы ажиллагаанд төлөөлөгчдөө оролцуулж байсны хамт ХЗХБ-ын шугамаар зохиогддог төрөл бүрийн сургалт, дамжаа болон бусад арга хэмжээнүүдэд мэргэжилтнүүдээ хамруулахад анхаарч байв. Тухайлбал, 2013 оны 4 дүгээр сард Гааг хотноо зохион байгуулсан сургалт, дамжаанд манай 5 цэргийн алба хаагч, 2014 онд Саудийн Араб, Серби, Испани, Малайзи, Нидерланд улсад зохион байгуулсан дамжаа, семинар, зөвлөлгөөнд нийт 5 төлөөлөгч,  2015 онд Серб, Литв, Нидерланд, БНХАУ улсуудад зохион байгуулсан 3 дамжаа, 2 арга хэмжээнд Монголын 7 цэргийн алба хаагч тус тус хамрагдсаны дээр 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Бельгийн Ийпер хотноо ХЗХБ-аас “Химийн зэвсгийн үй олноор хөнөөх хэрэгсэл болгон анх ашигласны 100 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ”-нд Элчин сайд Х.Даваадорж, Батлан хамгаалахын атташе хурандаа С.Баяр-Очир нар оролцсон бөгөөд энэ үеэр “Ийперийн тунхаглал” баримт бичгийг гишүүн орнууд батлан гаргасан байна.

Мөн 2006 оны 8 дугаар сарын 21-23-нд ХЗХБ-тай хамтран Конвенцийн хэрэгжилтийн асуудлаар Үндэсний семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байснаас гадна  2007 оны 9 дүгээр сарын 12-14-нд ХЗХБ-ын төлөөлөгчид Монголд ирж Монгол Улсаас мэдүүлсэн нөөцийн хадгалалтын байдалтай танилцаж, өндөр үнэлгээ өгсөн.

ХЗХБ-ын Техникийн НБДГ-т Монгол Улсаас химийн мэргэжлийн хурандаа Нармандах, бригадын генерал М.Хүрлээ, хурандаа Д.Эрдэнэцогт нар 2002 оноос 2015 оныг дуустал шинжээчээр ажиллаж байсан.

….. for more information please visit the web page : www.opcw.org