МОНГОЛ УЛС, БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН ХАРИЛЦАА

Монгол Улс Бельгийн Хаант Улстай 1971 оны 7 дугаар сарын 8-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс 1992 онд Брюссель хотноо Элчин сайдын яамаа нээсэн. Бээжин хот дахь Бельгийн Хаант Улсын Элчин сайдын яам Улс Монгол Улсыг хавсран суудаг.

Монгол, Бельгийн харилцаа, хамтын ажиллагаа 1990 оноос эхлэн идэвхжсэн. Бельгийн Хаант Улс нь Монгол Улсад өрнөсөн ардчиллын үйл явцыг анхнаас нь дэмжиж, тусламж дэмжлэг үзүүлж ирсэн манай гуравдагч хөршүүдийн нэг юм.

Хоёр орны улс төрийн харилцаа идэвхтэй өрнөж, өндөр, дээд түвшинд харилцан айлчлал солилцсон. Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1995 онд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд, Улсын Их Хурлын дарга С.Төмөр-Очир 2002 онд, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн 1992 онд, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж 2005 онд, Гадаад харилцааны сайд Н.Туяа 2000 онд, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 онд тус тус Бельгийн Хаант Улсад айлчилсан бол Бельгийн Цог Жавхлан Хаан Филипп 2016 онд Улаанбаатар хотноо түр саатаж, Бельгийн парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Херман де Кроо 2004 онд, Ерөнхий сайдын орлогч бөгөөд Сангийн сайд Дидье Рейндэрс 2004 онд, Гадаад хэргийн сайд Дидье Рейндэрс 2016 онд тус тус Монгол Улсад айлчилсан.  

Монгол, Бельгийн хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагаа идэвхжиж, харилцан айлчлал солилцож, Бельгийн парламентад Бельги-Монголын парламентын найрамдлын бүлэг байгуулагдан ажиллаж байна.

Батлан хамгаалах салбарт хоёр орон идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Монгол Улс Бельгийн Хаант Улстай батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг 2002 онд байгуулсан. Монгол, Бельгийн цэргийн хамтарсан анхны хээрийн сургууль 2003 онд Таван толгойн сургалтын төвд болсон бөгөөд манай цэргийн мэргэжилтнүүд Бельгийн цэргийн багийн бүрэлдэхүүнд багтаж 2005-2007 онд Косовод явагдсан олон улсын цэргийн ажиллагаанд оролцсон. Түүнчлэн НАТО-гийн хүрээнд Монгол Улсын зэвсэгт хүчнийхэн Бельгийн цэргийн багтай хамтран 2010-2012 онд Афганстаны нийслэл Кабул хотын нисэх онгоцны буудлыг хамгаалах үүргийг гүйцэтгэсэн.

Монгол Улс, Бельгийн Хаант Улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, сайн засаглал, олон улсын эрх зүйн чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж ирсэн.

Монгол Улс Бельгийн Хаант Улстай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж ирсэн. Хоёр орны хооронд 2018 онд 12,8 сая ам.долларын худалдаа хийгдсэн бөгөөд Монгол Улс гэрийн угсармал хийц, ноосон болон ноолууран сүлжмэл эдлэл зэрэг 340 мянган ам.долларын барааг Бельги Улс руу экспортолсон бол шоколад, лаазалсан ногоо, нефть-химийн бүтээгдэхүүн, зам засварын тоног төхөөрөмж зэрэг 12,45 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон байна. Түүнчлэн Бельгийн Хаант Улсаас Монгол Улсад 2018 онд 53,6 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт орсон байна.

Бельгийн Хаант Улс Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зориулан хөгжлийн албан ёсны тусламж болон хөнглөлттэй зээл олгож ирсэн. Бельгийн Засгийн газрын 4,5 сая еврогийн хөнгөлттэй зээлээр Монгол Улсын “Зүүн бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх” төслийг 2005-2001 онд амжилттай хэрэгжүүлсэн бол 6,4 сая еврогийн өртөгтэй “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх” төслийг  Бельгийн Засгийн газрын хөнгөлттэй зээлээр 2015 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Хоёр орны хүмүүнлэгийн салбарын хамтын идэвхтэй хөгжиж ирсэн бөгөөд Монгол Улсын түүх, соёлын өв, уламжлалыг бельгичүүдэд танилцуулах төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж ирсэн. Брюссель хотын захиргаанаас жил бүр зохион байгуулдаг “Өвлийн гайхамшиг” арга хэмжээнд 2017 онд Монгол Улс зочин орноор оролцсон нь чухал ач холбогдолтой болсон. Түүнчлэн Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэн Бельгийн Хааны байгалийн шинжлэх ухааны хүрээлэнтэй хамтран ажиллаж, хууль бусаар хил давсан монголын үлэг гүрвэлийн олдворуудыг буцааж байсан. Монгол Улсын гавъяат жүжигчид, дуурийн дуучин Г.Ариунбаатар Брюсселийн соёлын BOZAR төвд  2018 онд тоглолтоо хийсэн. Бельгийн кино найруулагч Петер Бросенс Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргахад чухал үрэг гүйцэтгэсэн бөгөөд “Талын хот”, “Нохойн орон”, Монголын дуу”, “Хадаг” зэрэг уран сайхны болон баримтат кино бүтээсэн. Бельгийн хөгжмийн удирдаач Даниель Глиньюр 2017 онд Улаанбаатар очиж, Монгол Улсын Хөгжмийн конверватортай хамтран тоглолт хийсэн.

Монгол, Бельги хооронд иргэд харилцан зорчих нь нэмэгдсээр байна. 2018 онд Бельгийн 1540 иргэн Монгол Улсад, Монгол Улсын 510 иргэн Бельги Улсад тус тус зорчсон байна. Монгол Улсын 1231 иргэн Бельгийн Хаант Улсад аж төрж байна. Монгол Улсын иргэдийн үүсгэл санаачилгын байгууллага, холбоод, монгол сургууль Бельгийн хотуудад үйл ажиллагаа явуулж байна. Бельгийн иргэн Поль Ван Воув Антверпен хотноо Монгол Улсын Өргөмжит консулаар ажиллаж байна.

Монгол, Бельгийн хооронд “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг 1992 онд, “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг 2002 онд, “Соёлын өвийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг 2015 онд байгуулсан нь харилцааны эрх зүйн үндэс болж байна.